МУИС байгуулагдсаны 70 жилийн ойг
тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохиогдож байгаа “Тогтвортой хөгжлийн чиг хандлага,
хэрэгжүүлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг саяхан Төрийн ордонд хийгээд
байна. Энэхүү олон улсын хурлыг МУИС-н дэргэдэх Тогтвортой Хөгжлийн Хүрээлэн
санаачлан Азийн хөгжлийн банк санхүүжилттэйгээр маш өндөр түвшинд зохион
байгууллаа.
Мөн тус хурлаар дараах дөрвөн сэдвээр
1. Тогтвортой
хөгжил дэхь дээд боловсролын үүрэг.
2. Ази-Номхон
далайн бүс нутгийн ирээдүйн тогвортой хөгжил.
3. Инноваци
тогтвортой хөгжлийг жолоодож чадах уу?
4. Тогтвортой
хөгжил дэхь ногоон эдийн засаг.
салбар хуралдааныг хийж гадаад болон
дотоодын эрдэмтэд хоорондоо санал бодлоо солилцлоо.
Тус хуралд таван тивээс олон орны
тэргүүлэх их сургуулиуд, олон улсын байгууллага, нийгэм-эдийн засгийн
зүтгэлтэн, бизнесмен, дэлхийд нэрд гарсан 50 гаруй эрдэмтэд уригдан ирж
оролцсон явдал нь тус хурлын олон улсын түвшин дэхь цар хүрээг улам нэмэгдүүлж
өглөө. Мөн Монгол Улсын Засгийн Газар, төрийн яам агентлагууд, их сургуулиуд,
эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн болон олон нийтийн байгууллагуудаас
700 гаруй зочид төлөөлөгчид уригдан ирж оролцсон билээ.
Энэхүү олон улсын хурлын гол ач
холбогдол нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт нь уул уурхайн салбараас хэт
хамаарсан улмаар экосистемын үйлчилгээг доройтуулж байгаа хөгжлийн замаа эргэн
нэг харж дүгнэх, цаашид бүс нутгийн болон дэлхийн нийтийн даяаршлалтай
уялдуулан Монгол улсын нийгмийн тогтвортой хөгжлийн хандлага, үзэл баримтлалыг
шинээр тодорхойлоход томоохон боломжийг бидэнд олгоход оршиж байлаа.
Тус хурлын үерээр өнөөдөр Монгол улсад орчин
үеийн шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтад тулгуурласан нийгэм-эдийн
засаг-байгаль орчин гэсэн гурван талт шүтэлцээг судлаж, төр засгийн болон бүс
нутгийн хөгжлийн бодлоготой нягт уялдуулан, улмаар дэлхийн нийтийн тогтвортой хөгжлийн
чиг хандлагатай нийцүүлэн, Монгол улсын дунд болон урт хугацааны хөгжлийн суурь
тулгамдсан асуудлуудыг судалгааны үндэслэлтэйгээр зөв тодорхойлон гаргах нь зайлшгүй
хийх ёстой асуудлуудын нэг болсон байна гэдэг нь харагдаж байлаа.
Иймд, Монгол Улсын тогтвортой хөгжлийн
стратеги бодлого, хэрэгжүүлэх цогц арга замыг төлөвшүүлэх, монгол хүний мэдлэгт
суурилсан оюуны дээдлэн хөгжүүлэхэд их сургуулиуд тэргүүн эгнээнд байж, өөрийн
эрхэм зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх их үйлсдээ улам өндөр амжилт гарган
ажиллах нь их чухал байна.