Шинжлэх ухаан,
техник технологи нь хүн төрөлхтний амьдралд асар ихээр нөлөөлж байгаа эрин үед
бид амьдарч байна. Хүний олон талт үйл ажиллагаанаас болж дэлхийн газрын
гадаргуугын 30-50%-н өөрчлөлтөнд ороод байгаа бөгөөд энэхүү өөрчлөлт нь
биологийн олон янз байдалд ихээхэн хэмжээний нөлөөллийг үзүүлж байгаагаас гадна
экологийн тэнцвэрийг алдагдуулах хэмжээнд хүрээд байна. Бидний оршин буй Ази
тив нь дэлхийн бусад тивүүдтэй харьцуулахад эдийн засаг, хүн ам хурдацтай өсөн
нэмэгдэж, нөгөө талаар суурьшмал амьдрал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бүс нутаг
юм. Дэлхий дахинд болон Ази тивд өрнөж буй энэхүү эдийн засгийн болон байгалийн
нөөцийн хэрэгцээ шаардлага, чиг хандлага нь Монгол оронд мөн адилхан ажиглагдаж
байгаа нь сүүлийн жилүүдийн эдийн засаг, нийгэм, байгаль орчны талаарх
статистик мэдээнээс харагдаж байна. Уул уурхайн салбар дээр түшиглэсэн Монгол
улсын эдийн засаг болон аж үйлдвэржилт нь эрчимтэй өсөхийн хэрээр хоол хүнс,
эрчим хүч, болон байгалын сэргээгдэх, үл сэргээгдэх нөөцийн ашиглалт асар ихээр
нэмэгдэж, үүний зэрэгцээ байгалийн нөөцийн хомсдол бий болох, биологийн төрөл
зүйл устах зэрэг асуудал гарч эхэлж байгаа нь Монгол улсын байгаль орчны
дориотлын асуудал биш улмаар Монгол улсын тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлөх хүчин
зүйл гэдэг нь илэрхий мэдрэгдэх боллоо.
Монгол Улсын
эдийн засгийн огцом өсөлт нь уул уурхайн салбараас ихээхэн хамаарч улмаар
байгаль орчин, экологийн асуудал хурцаар тавигдаж байгаа өнөө үед ногоон эдийн засаг болон ногоон хөгжлийн судалгааг шинжлэх ухааны өндөр түвшинд
хийснээрээ өнгөрсөн хөгжлийн замаа эргэн нэг харах, цаашид орчин үеийн
шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтад тулгуурласан нийгэм-эдийн
засаг-байгаль орчин гэсэн гурван талт шүтэлцээг судалж, төр засгийн болон бүс
нутгийн хөгжлийн бодлоготой нягт уялдуулан, улмаар дэлхийн нийтийн тогтвортой
хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэн, Монгол улсын дунд болон урт хугацааны
хөгжлийн суурь тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв тодорхойлон
гарган Монгол улсын тогтвортой хөгжлийн чиг хандлага, ногоон хөгжлийн үзэл
баримтлалыг шинээр тодорхойлоход томоохон боломжийг бидэнд олгож байгаа нь
ихээхэн ач холбогдолтой юм.
Монгол
Улсын тогтвортой хөгжлийн стратеги бодлого, ногоон хөгжлийг хэрэгжүүлэх цогц
арга замыг төлөвшүүлэх, бэхжүүлэхэд төр засгийн байгуулага болон эрдэмтэн
мэргэдийн хоорондын нягт хамтын ажиллагаа ихээхэн түлхэц үзүүлэх бөгөөд Монгол
Улсын хөгжлийн бодлогын цогц асуудлуудыг шийдвэрлэх, үндэсний мэдлэгийн
тогтолцоог зөв удирдан чиглүүлэх их үйлсдээ улам өндөр амжилт гаргана гэдэгт
бид итгэл төгс байна.
"Хүрэн эдийн засаг"-аас "Ногоон эдийн засаг" руу
хамтдаа